Аялал жуулчлал эрхлэгч бүлэг нөхөрлөлүүдтэй хамтран ажиллах чиглэлээ тохирлоо

2015 оны 4-р сарын 20, Даваа гариг, 07:22 Ч.Суурьтогтох

Зорилго

Цогцолборт газрын аялал жуулчлалын гол замнал болох Хүрхрээ, Хуст, Могойт, Хятрууны бүс нутгуудын хамгаалал, аялагчдын менежментийн зарим чиг үүргийг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгч бүлэг нөхөрлөлүүдэд гэрээний үндсэн дээр хариуцуулах, гэрээг эцэслэн тохирох ажлаар 2015 оны 04 сарын 17 өдөр хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэнүүд Батөлзий сумын Засаг даргын орлогч н.Нарангара, Байгаль орчны улсын байцаагч Б.Янжиндулам, 3-р багийн засаг дарга С.Төмөр, аялал жуулчлалын Хүрмэн чулуу нөхөрлөл, Хятрууны аялал жуулчлалд оролцогч Б.Авиддулам ахлагчтай нөхөрлөл, Могойтын амны Могойт хайрхан нөхөрлөлийн гишүүд, Мойлтын амны бүлэгийн гишүүд, Хустад аялал жуулчлал эрхлэгч Их Булаг ТББ-ын гишүүдээс бүрдсэн 52 иргэнтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Хэлэлцсэн асуудал

Тус уулзалтаар хамгаалалтын захиргааны дарга Г.Эрдэнэбилэг ТХГН-ын гол аялалын бүс нутаг болох Могойт, Хятруун, Хустын рашааны менежментийн зарим чиг үүргийг нутгийн иргэд бүлэг нөхөрлөлүүдэд хариуцуулж хамгаалах, аялагч жуулчдад үзүүлэх үйлчилгээг сайжруулах, ая тухтай амруулах, иргэдийн орлого олох боломж нөхцлийг дэмжих, оролцогч талуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хамтын оролцоогоор үр дүнд хүрэхэд сургалтын ач холбогдол чиглэгдэж байгааг нээлтийн үгэндээ онцоллоо.

Ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин “Байгалийн нөөцийн хамтын менежмент” сэдвээр байгаль хамгаалах нөхөрлөл хэрхэн байгуулах болон ТХГНСБ нь төслийн “Жижиг төсөл шалгаруулах журам”-ыг танилцуулж санал солилцов.


Мэргэжилтэн Ч.Суурьтогтох 2015 онд хамгаалалтын захиргаанаас Хүрхрээ бүсэд баримтлах бодлого, хийж гүйцэтгэх ажлыг танилцуулан өнгөрсөн онд Хүрмэн чулуу нөхөрлөлтэй ярьж тохирсон 3 ажлыг дахин сануулж гэрээнд тусган хэрэгжүүлэх талаар мэдээллээ.

Түүнчилэн Хуст, Могойт, Хятрууны менежментийн зарим чиг үүргийг нутгийн иргэдийн бүлэг нөхөрлөлүүдэд хариуцуулахад хамгаалалтын захиргаа, нөхөрлөл, орон нутаг ямар үүрэг хариуцлагатай оролцох талаар ярьж гэрээний төслийг танилцууллаа.

Мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг хаврын хуурайшилттай цаг үе тохиож байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх санамж өгч тараах материал түгээлээ.

Сургалт мэдээллийг хийсэний дараа дарга Г. Эрдэнэбилэг Хустын бүлэгийг, мэргэжилтэн Р.Амартүвшин Могойт Хайрхан нөхөрлөлийг, Д.Эрдэнэчимэг Бага мойлтын бүлэг, Ч.Суурьтогтох Хятрууны бүлэгийг тус бүр хариуцан авч бүлэгийн дангаараа хийх болон хамгаалалтын захиргаатай хамтран хийх ажлаа төлөвлөж баталгаажууллаа.

Санал, асуулт

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр орон нутгаас дараах санал, асуултууд гарлаа

н.Нарангарав: Аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглагчдаас болоод Могойтын рашаанд нутгийн иргэд ороход хүндрэлтэй болсон, Могойт жуулчны бааз Хангайн цагаан хайрханруу аялагчдаас хууль бусаар хураамж авсан, аялагчидтай зүй бус харьцсан талаар гомдол мэдээлэл ирсэн тухай яриад газар ашиглагчдын талаар тодорхой хариу авсан. Мөн гэрээ байгуулсаны дараа бүлэг нөхөрлөлүүд орон нутагтайгаа хамтран уян хатан ажиллах талаар санууллаа.


Могойт Хайрхан нөхөрлөлийн гишүүд түр нэвтрэх пост, дамжин нэвтрэх цэг байгуулж байнгын идэвхтэн байгаль хамгаалагч ажилуулж аялагчдад мэдээлэл өгч хог хаягдалын асуудлыг шийдвэрлэж болохыг илэрхийлж гэрээний саналыг дэмжлээ. Мөн 2015 онд хамтран хийх ажлын төлөвлөгөөг гарган өөрсдийн нөөц бололцоогоор хог хаягдал, хамгааллын ажлыг эхлүүлэхээр тохиролцлоо.

Бага Мойлт бүлэгийнхэн өнгөрсөн жил өөрсдийн идэвх санаачлагаар тухайн амыг хашиж хамгаалсан, нутаг дэвсгэр дээрээ хууль бус үйл ажиллгаа явуулахгүй байхад анхаарч ажиллаж байгаагаа хэлээд цаашид албан ёсны Байгаль хамгаалах нөхөрлөл байгуулах хүсэлтээ илэрхийлсэнийг хамгаалалтын захиргаанаас дэмжлээ.

Хятрууны бүлэг гэрээний саналыг дэмжиж, хамгаалалтын захиргаанаас хятрууны бүсэд тусгай дэглэм тогтоон хамгаалалтын бүсээс отоглох цэгийг гарган хүн хүчний дэмжлэг өгвөл дэглэмийг мөрдүүлж чадахаа хэллээ. Мөн ойрын хугацаанд хамгаалалтын захиргаатай хамтран хийх ажлын төлөвлөгөө гарган баталлаа.

Хустын бүлэг гэрээний саналыг дэмжин отоглох цэгийн тохижилтын төслийг шийдвэрлэж өгөхийг хүсэж хамгаалалтын менежмент, хог хаягдалгүй байлгах асуудлыг хариуцаж ажиллахаа илэрхийллээ.

Үр дүн

1. Цогцолборт газрын аялал жуулчлалын бүс нутгуудын хамгааллын менежментийн зарим чиг үүргийг орон нутгийн бүлэг нөхөрлөлд хариуцуулах гэрээг 3 талын оролцоотойгоор хэлэлцэн шийдвэрлэлээ.

2. Хамгаалалтын захиргаанаас цогцолборт газрын аялал жуулчлалын гол бүс нутагууд болох Хуст, Могойт, Хятрууны бүсийн хамгааллын менежментийг оршин суугчдын бүлэг нөхөрлөлүүдэд хариуцуулан турших, түр гэрээ байгуулахаар тохирлоо.

3. Бүсүүдийн хамгааллын менежментийг хэрэгжүүлэхэд шаардагдах тохижилтын төслийг орон нутгийн бүлэг, хамгаалалтын захиргаатай хамтран НҮБ-ын ТХГНСБ нь төсөлд хандан яаралтай шийдвэрлүүлэхээр хэлэлцлээ.

4. Бүлэг нөхөрлөлүүдэд тодорхой хувийн урамшууллын үндсэн дээр түр нэвтрэхийн тасалбар таслах эрх, үүргийг олгох асуудлыг хэлэлцлээ.

5. Хамгаалалтын захиргаа, бүлэг нөхөрлөл хамтран ойрын хугацаанд хамтарч хийх ажлын төлөвлөгөө гарган баталлаа.


 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn