4-р сарын мэдээ

2015 оны 4-р сарын 27, Даваа гариг, 02:00 Ч.Суурьтогтох

Судалгаа шинжилгээ

“Орхоны хөндийн” БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас 2014 онд Өвөрхангай аймгийн Хархорин, Уянга, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын нутагт хийсэн судалгааны ажлын тайланг сумдын засаг дарга нарт хүргүүллэн судалгааны багийн гаргасан дүгнэлт, санал, зөвлөмжийг холбогдох ажилтануудад танилцуулж ажил албандаа ашиглахыг зөвлөлөө. Үүнд

 

1. Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдын нутгийн 80.000га талбайн тал хээрийн махчин амьтны төрөл зүйл, тархацын судалгаа /МУИСургуулийн Биологийн тэнхимтэй хамтарсан судалгаа /

2. Хархорин сумын Тусгай хамгаалалттай газар, орчны бүсэд хийсэн бэлчээрийн нөөц даацын судалгаа / Хархорин сумын Цаг уурын станц Дэлхийн-өв СДГ, хамгаалалтын захиргаатай хамтарсан судалгаа /

3. Янгир ямааны судалгаа / Уянга сумын байгаль хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтарсан судалгаа / орж байна.

2015 оны 04 сарын 23-24 өдрүүдэд хамгаалалтын захиргааны ажилчид ахмадын зөвлөлтэйгээ хамтран байгууллагын хашаан дах шинэсний 1 настай тарьц өвөлжүүлсэн хүлэмжийг угсран, байгууллагын хашаанд байгаа мод бутны хөрсийг сийрүүлэн арчилгаа улсалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Байгалийн нөөц

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32-р зүйл, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Сайдын 2014 оны 10-р сарын 31-ны А-382-р тушаал “ 2015 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай”–ыг үндэслэн Орхоны хөндийн БЦГ-ын ойн санд Ойн мэргэжлийн эрх бүхий аж ахуй нэгжүүдийн дунд ойн цэвэрлэгээний ажил хийх сонгон шалгаруулалтыг зарлахад мэргэжлийн эрх бүхий 6-н байгууллага ойн цэвэрлэгээний ажилд оролцох санал ирүүлсэн байна.

Тендерт ирүүлсэн материалуудтай тендерийн хорооны гишүүд нэг бүрчлэн танилцаж тендерийн нөхцөл болзолыг хангасан дараах аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгүүлэхээр боллоо. Үүнд

1. Хархорин дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

2. Өвөрхангай аймгийн Бат-өлзий сум “ӨВТ ХАЙРХАН” ХХК

3. Өвөрхангай аймаг Бат-өлзий сум “ СҮҮН ДАЛАЙ ТРЕЙВЭЛ” ХХК

4. Өвөрхангай аймгийн Хужирт сум “ ӨГӨӨМӨР ШУНХЛАЙ” ХХК

2015 оны 04 сарын 21 өдрийн 1800цагийн үед Өвөрхангай аймгийн Батөлзий сумын УТХГНутаг болох Хамрын амны хойд хэсгийн талд автомашины зам дагуу түймэр гарсаныг хамгаалалтын захиргаанаас шуурхай баг гаран Байгаль хамгаалагч Х.Чулуунбат, М.Мөнхдалай, Ш.Баасансүрэн нар газар дээр нь очиж нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраалаа. Түймэр 1,5 га газрын бэлчээрийг хамарсан байна.

Хяналт шалгалт

Бат-Өлзий сумын Төвхөн хэсэг хариуцсан байгаль хамгаалагч, байцаагч Ц.Төмөрхуяг, Хойд Агуйт хариуцсан байгаль хамгаалагч Ш.Нямсүрэн нэр нь Тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа айл өрхүүдээр гал түймрийн санамж, Календарь, урамшуулалын нэгж олгон хамтарч ажиллах гэрээ 110 өрхүүдтэй байгуулж морин эргүүлийг нутгийн иргэдтэй хамтран зохион байгууллаа.

Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэнүүд Бат-Өлзий сумын тусгай хамгаалалттай газар нутгаар 2015 оны 04 сарын 16-18-ны хооронд хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар Ойн тухай хууль, ТХГН-ийн тухай хууль, БОХ тухай хуулийг 25 иргэнд ухуулга сурталчилгаа хийж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллаа.

Мэдээлэл, сургалт, сурталчилгаа

2015 оны 4 дүгээр сар 5 өдөр Ардчилсан хувьсал үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд Хархорин сумын албан байгууллага, багуудын хооронд зохион байгуулагдсан үндэсний бөхийн барилдаанд хамгаалалтын захиргааны ажилтан,байгаль хамгаалагч Б.Наранхүү, С.Мөнхбаяр, Д.Мягмаржав нар амжилттай барилдан багаараа 2-р байр эзлэн Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

2015 оны 04 сарын 06 өдөр Хархорин суманд зохион байгуулагдсан “Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох” илтгэлийн уралдаанд хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин “Зүрхээ хайрла” сэдэвт илтгэлээр оролцож 3-р байр, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

2015 оны 04 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болсон БОНХАЖЯ, Тусгай Хамгаалалттай Нутгийн Удирдлагын Газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Орны Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Сүлжээг Бэхжүүлэх нь” төсөл, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулиудаас хамтран зохион байгуулсан газарзүйн мэдээллийн системийн хэрэглээнд сургах, хэмжилтийн мэдээгээ компьютерт оруулах, түүгээрээ орон зайн мэдээ бэлтгэх, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх үр дүн боловсруулалтад дадлагажуулах, цаашид үүнийг тогтмолжуулах зорилготой Газарзүйн мэдээллийн систем”-ийн дунд шатны сургалтанд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ч.Суурьтогтох хамрагдан гэрчилгээ авлаа.

Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэнүүд, Бат-Өлзий сумын Хүрхрээ, Хуст, Могойт, Хятрууны бүс нутгуудын хамгаалал, аялагчдын менежментийн зарим чиг үүргийг нутгийн иргэдийн бүлэг, нөхөрлөлүүдэд гэрээгээр хариуцуулах, гэрээний нөхцлийг эцэслэн тохиролцох зорилгоор 2015.04.17-ны өдөр Бат-Өлзий суманд ЗДТГ-ын ажилчид болон орон нутгийн бүлэг нөхөрлөлүүдийн хүрээнд хэлэцүүлгийг зохион байгуулав.

Ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин “Байгалийн нөөцийн хамтын менежмент” сэдвээр байгаль хамгаалах нөхөрлөл хэрхэн байгуулах болон ТХГНСБ нь төслийн “Жижиг төсөл шалгаруулах журам”-ыг танилцуулж санал солилцлоо.

Мэргэжилтэн Ч.Суурьтогтох 2015 онд хамгаалалтын захиргаанаас Хүрхрээ бүсэд баримтлах бодлого, хийж гүйцэтгэх ажлыг танилцуулан өнгөрсөн онд Хүрмэн чулуу нөхөрлөлтэй тохирсон 3 ажлыг дахин сануулж гэрээнд тусган хэрэгжүүлэх, түүнчлэн Хуст, Могойт, Хятрууны менежментийн зарим чиг үүргийг нутгийн иргэдийн бүлэг нөхөрлөлүүдэд хариуцуулахад ХЗ, нөхөрлөл, орон нутаг ямар үүрэг хариуцлагатай оролцох талаар ярьж гэрээний төслийг танилцуулав.

Мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг хаврын хуурайшилттай цаг үе тохиож байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар танилцуулан, санамж материал тараав.

Хэлэлцүүлгээс цогцолборт газрын аялал жуулчлалын бүс нутгуудын хамгааллын менежментийн зарим чиг үүргийг орон нутгийн бүлэг нөхөрлөлд хариуцуулах гэрээг 3 талын оролцоотойгоор хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. Хамгаалалтын захиргаанаас цогцолборт газрын аялал жуулчлалын гол бүсүүд болох Хуст, Могойт, Хятрууны бүсийн хамгааллын менежментийг иргэдийн бүлэг, нөхөрлөлүүдэд хариуцуулан турших, түр гэрээ байгуулахаар тохиролцов.

2. Бүсүүдийн хамгааллын менежментийг хэрэгжүүлэхэд шаардагдах тохижилтын төслийг орон нутгийн бүлэг, хамгаалалтын захиргаатай хамтран НҮБ-ын ТХГНСБ нь төсөлд хандан яаралтай шийдвэрлүүлэхээр хэлэлцэв.

3. Бүлэг, нөхөрлөлүүдэд тодорхой хувийн урамшууллын үндсэн дээр түр нэвтрэхийн тасалбар таслах эрх, үүргийг олгох асуудлыг хэлэлцэв.

4. Хамгаалалтын захиргаа, бүлэг нөхөрлөл хамтран ойрын хугацаанд хамтарч хийх ажлын төлөвлөгөө гарган батлав.

БОНХАЖ-ын Сайд Д.Оюунхоролын баталсан удирдамжийн дагуу дотоод аудит хийх ажлын хэсэг 2015 оны 4 дүгээр сарын 21 өдөр хамгаалалтын захиргаанд ажиллан 2014 он, 2015 оны 1 дүгээр улиралын төсвийн зарцуулалт, үр дүн, тайлагналт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгалаа.

 

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn