2010 оны 6-р сарын 04, Баасан гариг, 14:05 администратор

“Архангайн амьдрал” сонинд өгсөн ярилцлага



- Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа яг ямар нутаг дэвсгэрүүдийг хамарч ажилладаг вэ?

 

- Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа 2 аймгийн 6 сум, үүнд Архангай аймгийн Хашаат, Хотонт сум, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумдын нутаг, Орхон гол дагасан үзэсгэлэнт газрууд, түүх дурсгалын үнэт зүйлсийг хамарсан 363636 га газрыг хариуцан хамгаалж байна.

- Ер нь Орхоны хөндийн БЦГазар тухайн хамгаалалтын захиргаа ямар асуудлуудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг вэ?

- Хамгаалалтын захиргаа нь Аялал жуулчлал, Орчны бүс Судалгаа шинжилгээ, Мэдээллийн сан, Сургалт, Мэдээлэл сурталчилгаа, Хамгаалалт Хяналт шалгалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

- Манай аймгаас танай захиргаанд 2 сум багтдаг гэж байна. Тэдгээр сумдын ямар дурсгалуудыг багтаадаг вэ, тархацын хувьд ямар байдаг вэ?

- Архангай аймгийн Хашаат, Хотонт сумын нутаг манай хамгаалалтанд байдаг. Энд Хөшөө цайдамын цогцолбор, 552-754 онд оршин тогтнож байсан Түрэгийн хаан Билгэ болон түүний жанжин Гүльтегин нарт зориулсан тахилгын байгууламж юм. Харбалгас 745-840 онд оршин тогтнож байсан Уйгар улсын нийслэл “Хан балык” хотын туурь, Дойтын туурь энэ дурсгалыг Өгөөдэй хааны “Гэгэ-Чаган орд” мөн болов уу гэж эрдэмтэд үздэг, Хутаг уулнаа орших эртний бүлэг хиригсүүр бүхий томоохон дурсгалууд мөн түүхийн үе үеийг хамарсан дөрвөлжин, дугуй булш хиригсүүрүүд ихээхэн хэмжээгээр тархсан байдаг.

- Өнгөрсөн хугацаанд байгалийн дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээх цаашлаад ой ус, хөрсийг хамгаалах, түүнд судалгаа шинжилгээ хийх ямар томоохон санаачилгуудыг хэрэгжүүлсэн бэ?

- Орхоны хөндийн байгаль түүх, соёлын өвийн судалгааг Солонгосын соёлын өвийн төв, ШУА-тай, бэлчээрийн нөөц даацын үнэлгээг Германы ТХАНийгэмлэг төсөлтэй хамтран хийсэн.

- Мөн өнгөрсөн 3-р сард “Орхоны хөндий”-н БЦГ-ын хамгаалалтын захиргааны “Менежментийн зөвлөл”-ийн уулзалтаар Орхоны хөндийн аялал жуучлалын менежмент төлөвлөгөөг баталсан гэж сонссон. Энэ төлөвлөгөөнд ямг ямар үзэл санааг баримталсан бэ?

- Байгаль, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, түүнд түшиглэн аялал жуулчлал явуулж буй талуудын хамтын оролцоог идэвхжүүлэх, түншлэлийг бэхжүүлэх, дэд бүтцийг нь орон нутаг хүрээлэн буй орчинд ээлтэйгээр хөгжүүлнэ гэсэн үндсэн зорилготойгоор ирэх 3 жилд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн.

- Ялангуяа ОХБЦГ-т аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэх суурь боломж, нөөц эрэлт хэрэгцээ, аялал жуулчлалын зах зээл ба жуулчдын тоо, ангилал, бүтээгдэхүүн нийтүүлэлтийн дүн шинжилгээ, байгаль борхидуулагчдад тооцох хариуцлагын тогтолцооны талаар зорилтууд бий юу?

- Мэдээж энэ бүх нөхцөл байдлын суурь судалгаа, дүн шинжилгээн дээр үндэслэн төлөвлөгөө боловсрогдсон байгаа. Бид энэ удаад хариуцлагаас урьдаар зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Жишээ нь аялагч жуулчдын зорин очих газруудын бүсчилэлийг тогтоож хязгаарлалт хийх, угтах орчныг бий болгох, аялал жуулчлалын замнал маршрутыг баталж мөрдөх, тэмдэгжүүлэх, отоглох цэгүүдийг байгуулахаар төлөвлөсөн байгаа. Ингэснээр эмх замбараагүй аялал, түүнээс үүсэх байгаль орчны бохирдол буурна гэж тооцсон.

- Аялал жуулчлалын хөгжлийг дагаад гадны нөлөөнөөс үүдсэн байгалийн бохирдол үүсэхийг үгүйсгэх аргагүй. Үүнийг эрхзүйн үүднээс зохицуулах ямар боломжуудыг тусгаж өгсөн бэ?

- Нэн тэргүүнд нэвтрэх хураамж болон аялал жуулчлалаас олж буй орлогын тодорхой хувийг аялал жуулчлалаас гарч буй сөрөг нөлөөллийг бууруулах менежментэд зарцуулдаг болох зорилт тавсан. Хамгаалалтын захиргаа энэ дагуу эхлүүлсэн, зохицуулсан, хэрэгжүүлсэн ажлууд ч бий.

Манай менежмент төлөвлөгөөний эрхэм зорилгод “ орон нутгийн эрх ашигт нийцсэн аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг бий болгоно” гэж заасан байгаа. Мөн нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжих гэсэн зорилт бий. Үүний дагуу аялал жуулчлалд зохион байгуулалттайгаар оролцогч орон нутгийн иргэдэд тодорхой газар нутгуудыг гэрээгээр хариуцуулахаар тусгасан байгаа. Үр дүнд нь нутгийн иргэд үнэт зүйлээ ч хамгаална, ашигаа ч хүртэнэ.

- Ялангуяа аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөөнд бүс нутгийн онцлогийг тодорхойлж, жуулчдын урсгалыг татах, дэд бүтцийг хөгжүүлэх асуудалд орон нутгийн зүгээс хэрхэн уялдаж байгаа вэ?

Өвөрхангай аймгийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад аялал жуулчлал харьцангуй сайн хөгжсөн. Энэ ч утгаараа аялал жуулчлалд баримтлах бодлого, талуудын хамтын оролцоо тодорхой байдаг. Бидний ажил ч мөн “Өвөрхангай аймгийн Аялал жуулчлалын дэд хөтөлбөр”, Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлтэй уялдан төлөвлөгддөг. Өвөрхангай аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Аялал жуулчлалын загвар бүсүүдийг хөгжүүлж, аялал жуулчлалын үзмэр бзтээгдэхүүнийг шинэчлэн, аялал жуулчлалыг аймгийн хөгжлийн гарц болгож Эрдэнэз зуу, Төвхөн, Улаан цутгалангийн угтах орчныг сайжруулах төсөл боловсруулан үе шатттайгаар хөгжүүлнэ”, “Хужирт-Төвхөн-Улаан цутгалан чиглэлийн авто замыг ашиглалтанд оруулах” гэсэн хамтын ажлууд тусгагдсан байгаа.

- Орхоны хөндийн орчмын байгалийн үзэсгэлэн, түүх, соёлын үнэт өв нь Монгол орны аялал жуулчлалын ихээхэн хэсгийг хамран оршдог. Тиймээс тэдгээр үнэт өвийг хамгаалах, эзэнжүүлэх, ойролцоох газар нутагт тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах асуудлыг яаж шийдэж байгаа вэ?

- Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа цогцолборт газрынхаа хилийн цэс , дотоод бүсчлэлүүдийн тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх ажлыг жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлдэг. 2012 онд дотоод /аялал жуулчлалын/ бүсийн багана 50ш, зам заасан тэмдэглэгээ 11ш, сануулах тэмдэг 18-ыг хийж байрлуулсан. Энэ онд хилийн цэсийн багана 20ш нэмж байрлуулахаар төлөвлөгөөнд тусгагдсан байгаа.

- Тэр тусмаа энэ асуудалд соёлын биет болон биет бус өвийг эзэнжүүлэх тухай нилээд яригддаг. Зарим нутагт малчдын бүлэг хоршоогоор дамжуулан хамгаагуулах боломжууд байдаг л даа. Энэ тухай?

- Ер нь байгаль, түүх, соёлын үнэт өвийг тухайн нутгийн оршин суугчидаар хамгаалуулах нь хамгийн зөв шийдэл юм.

Манайх Дэлхийн өв-Орхоны хөндийн соелын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, сумын Засаг даргатай хамтран байгаль орчинд ээлтэй төсөл хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан ТББ, иргэдэд газрыг гэрээгээр хариуцуулах ажлыг эхлүүлсэн.

- Ялангуяа манай аймгийн нутагт хамаарагдаж буй газар нутаг дахь соёлын биет болон биет бус өвийн арчилгаа хамгаалалт хэр хийгддэг вэ?, зөвхөн биет өв гэлтгүй дурсгалт болон тусгай хамгаалалттай газар нутагт ямар тулгамдсан асуудал байна вэ?

- Түүх соёлын биет болон биет бус өвийн судалагааг Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа хариуцан ажилладаг. Энэ хамгаалалтын захиргаа мөн Хархорин суманд байрладаг. Харин манай хамгаалалтын захиргаа байгаль түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтыг хариуцан ажилладаг. Сүүлийн жилүүдэд булш хиригсүүрийг ухаж тонох явдал гарч байна. Иймд тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдээр нь байгаль, түүх соёлын дурсгалуудыг хамгаалуулах, үнэ цэнийг сурталчлах ажлыг хийж эхлүүлээд байна.

- Ер нь ТХГН-ийн нөөц ашигласны төлбөрийг тухайн орон нутгийн төсөвт суулгадаг. Тэгвэл эргээд тэр төсвийг байгалийн зохистой үйл ажиллагаанд зарцуулж байна уу?

- ТХГН-т нөөц ашигласны төлбөр гэж бараг байхгүй бөгөөд газар ашигласны төлбөрийг 3 дахин өсгөж орон нутгийн төсөвт оруулдаг. Харин энэ мөнгө байгаль орчныг хамгаалах ажилд зарцуулагддаггүй.

- Ер нь Орхоны хөндийн сав газар үнэт зүйлд хамрагдах ямар эд зүйл байна вэ? Тэр тусмаа Хотонт, Хашаат, Цэнхэр суманд?

- Орхоны хөндий нь ЮНЕСКО-гийн дэлхийн түүх соёлын өвийн орсон байгаа. Архангай аймгийн Хашаат Хотонт суманд Хөшөө цайдам, Хар балгас, Дойтын хотын туурь, Хутагт уулын булш зэрэг томоохон түүх археологийн дурсгалууд байдаг.

- Дээрх тусгай хамгаалалттай газар нутаг руу нэвтрэх зөвшөөрөл олгодог уу?

- Өнгөрсөн жилүүдэд Хамгаалалтын захиргааны орон тоо дутмаг, техник хэрэгсэл хүрэлцээгүйн улмаас Хашаат, Хотонт сумдад зорчих аялагчдаас нэвтрэх хураамж авч байгаагүй. Маршрут нь ч тодорхой газруудруу чиглэсэн биш, ихэвчилэн дайран өнгөрсөн байдаг.

Цаашид эдгээр сумдад байх үнэт өвүүдийг сурталчилах, аялал жуулчлалын маршрутуудад оруулах замаар жуулчдыг татах, аялагчдыг нэвтрэх хураамжид бүрэн хамруулах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байгаа.

- Дээр дурьдсан Орхоны хөндийн аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөөнд байгаль түүхийн хосгүй үнэт үүнд зохистой аялал жуулчлалыг хөгжүүлэх ямар маршрутыг төлөвлөсөн бэ?

- Орхоны хөндийд байх хосгүй үнэт зүйлээ аялал жуулчлалтай холбохын тулд нийтлэг биш, зөвхөн тухайн зүйлд л чиглэсэн өөр өөрийн ялгаа, үйлчилгээний өвөрмөц онцлог бүхий аялал жуулчлалын бичил бүс болгон хөгжүүлэх бодлого барьж байна.

Ярилцсан танд баярлалаа.

Сэтгүүлч Г. Жавзандулам

Холбоо барих:

Хаяг:   Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорин хот, Ганган Орхон баг, Өвөрхангай аймаг


Утас:   +(976) 0132582339;

Гар утас: +(976) 98268620

Факс: +(976) 0132582339


И-мэйл: info@orkhon-valley.mn